Хууль таниулах, сургалт, мэдээллийн өдөрлөг Цахир, Тариат суманд боллоо
2025-12-10 | 194Монгол Улсад захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс санаачлан иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангахад чиглэсэн тодорхой ажлыг 2024 онд хэрэгжүүлсэн билээ.
Энэхүү ажлын үргэлжлэл болгож аймгийн Шүүхийн Тамгын газар, Архангай аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран аймгийнхаа 19 суманд “Хууль таниулах, сургалт, мэдээллийн өдөрлөг” арга хэмжээг 2024 онд амжилттай зохион байгуулсан.
2025 онд “Хууль таниулах, сургалт, мэдээллийн өдөрлөг” арга хэмжээг Цахир, Тариат суманд амжилттай зохион байгууллаа.
Сургалтын үеэр урьдчилан бэлтгэсэн гарын авлага, тараах материал зэргийг сургалтад оролцсон иргэд, төрийн албан хаагчдад тарааж өгөв.
Тус сургалтад шүүгч болон шүүгчийн туслах, шүүхийн захиргааны ажилтнууд дараах сэдвээр танилцуулга, мэдээллийг хүргэлээ.
“Захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа (Захиргааны ерөнхий хууль)”, “Иргэдийн түгээмэл холбогдож буй гэмт хэрэг, зөрчил тэдгээрээс урьдчилан сэргийлэх, анхаарах асуудал /Зарим төрлийн гэмт хэрэг, зөрчлийн жишээн дээр/”сэдвээр сэдвээр Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга;

“Иргэний шүүхэд мэдүүлэх эрх, иргэний хэргийн шүүхээр түгээмэл шийдвэрлэгддэг хэрэг, маргаан анхаарах зүйл” сэдвийн хүрээнд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Э.Энххүү;

“Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэх маргаан, иргэдийн анхаарах асуудал” сэдвээр Архангай аймгийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Т.Нэргүйбаатар нар тус тус сургалтыг эрхлэн хүргэж иргэдийн сонирхсон асуултад хариуллаа.

Уг сургалт, мэдээллийн өдөрлөг арга хэмжээ чухал ач холбогдолтой, үр өгөөжтэй болсон талаар сургалтад оролцогчид болон сум орон нутгийн төрийн албан хаагч нар сэтгэгдлээ хэлж, эерэг үнэлгээ өгсөн байв



АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР